Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж, зорчих хэсгийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нээсэн билээ.
Үргэлжлүүлэн өнөөдрийн байдлаар ОХУ-ын “Бриз” группийн “Формула-К” ХХК-ний үйлдвэрлэсэн эрс тэс уур амьсгалтай бүс нутагт зориулан бэлтгэсэн бүтээгдэхүүнээр замын тэмдэглэгээний ажлыг Монгол Улсад анх удаа хийж байна. Энэхүү тэмдэглээ нь зуны улиралд хайлж, хэвээ алдахгүй байх, өвлийн улиралд агшиж, хэврэг болохгүй байх чанарыг агуулсан тусгай модификатор найрлага орсноороо онцлогтой.
Тэмдэглэгээний ажлыг “Үйлсийн зам” ХХК нь Hoffman термопластикийн машинаар гүйцэтгэж байгаа юм. Харин технологийн явцыг Швейцарын ретрорефлектометр ба спектрофотометр багажуудаар хянаж байгаа аж.
Мөн тус замд ОХУ-ын “Красдорзнак” ХХК-ний үйлдвэрлэсэн дүрсийг өндөр чанартай гэрэл ойлгогч алмазан хальсан дээр буулгасан тэмдэг шинээр тавигдах юм байна.