Гүржийн Батуми хотноо үргэлжилж буй Шатрын 43 дугаар олимпиадад оролцож буй манай эмэгтэй шатарчид дөрөв дэх өрөгтөө Ираны багийг 3,5- 0,5 оноогоор хожлоо. Манай бүсгүйчүүд ийнхүү дараалан дөрвөн ялалт байгуулж, дөрвөн өргийн дараахь байдлаар 151 багаас 4 дүгээрт бичигдэж байна.
Манай эмэгтэй шатарчдаас гуравдугаар ширээнд тоглож буй эмэгтэйчүүдийн ФИДЕ мастер Т. Мөнхзул дөрвөн өрөг тоглосноос дөрвөн хожил, хоёрдугаар ширээнд тоглож буй ОУ-ын мастер Д.Номин-Эрдэнэ гурван өрөг тоглож, гурван хожил аваад байна. Эмэгтэй багуудаас БНХАУ, АНУ, Украин, Монгол, Армен, Гүрж-1 гэсэн зургаан баг л оноо алдаагүй яваа юм. Манай “уран бэр”-үүд дараагийн өрөгт АНУ-ын багтай ухаанаа уралдуулж, уран нүүдлээр “дайтана”.
Харин манай эрэгтэйчүүд дөрөвдэх өрөгтөө Малавийн багийг 4-0 -ээр хожин, хоёр хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтойгоор 185 багаас 46 дугаарт явна. Дараагийн өрөгт манай эрэгтэйчүүд Гүрж-2 багтай нүүнэ.