Өчигдөр Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо чөлөөт болон сонгомол бөхийн төрлүүдэд аваад байсан Олимпийн эрхүүдийг дахин хуваарилсан шийдвэр гаргажээ. Ингэх болсон шалтгаан нь Серби болон Казахстанд болсон Олимпийн эрх олгох тэмцээнүүдээс эрхээ авсан зарим тамирчдаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотой гэнэ.
Ингээд Казахстаны Астанад болсон Олимпийн эрх олгох Азийн бүсийн тэмцээнээс 53 кг-ийн жинд эрх авсан ОУХМ Э.Сумьяагийн эрхийг хурааж түүнд ялагдсан Энэтхэгийн Кумари Бабитад шилжүүлжээ. Мөн Астанад болсон тэмцээнээс эрх авсан Киргизийн сонгомол бөхийн 85кг-ийн жингийн тамирчин Жанарбек Кенжеев ижил шалтгаанаар Олимпийн эрхээ Энэтхэгийн Равиндер Хатрид шилжүүлсэн байна.
Мелдониум хэмээх бодисыг WADA (Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Агентлаг) 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс сэргээшийн төрөлд оруулж тооцох болсон юм. Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын теннисчин Мария Шарапова мелдониум илэрснээс болоод тэмцээнд орох эрхээ хасуулж байжээ. Түүнээс гадна ОХУ-ын хэд хэдэн алдартай тамирчнаас илэрч дуулиан тарьж байв.
Эх сурвалж: UnitedWorldWrestling.ORG