Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 20-28-нд Унгар улсын нийслэл Будапешт хотод болох бөгөөд үүнд оролцох байсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Орхоны оронд С.Батцэцэгийг сонгожээ.
П.Орхоны хувьд өнгөрөгч наймдугаар сард Индонезийн Жакарта хотод болсон Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөж алтан медаль хүртсэн юм. Гэвч тэмцээний дараа авсан допингийн шинжилгээнд бүдэрч Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооноос Монголын Үндэсний олимпийн хороонд ирүүлсэн бичигт түүний амжилтыг үр дүнгүйд тооцсон билээ. Одоогоор Монгол Улсын Азийн наадамд авсан алтан медалийн тоо тав байсан бол дөрөв болж, 16 дугаар байраас 17 руу ухарсан юм.
Азийн наадмын үеэр П.Орхоноос авсан шинжилгээний сорьцоос хориотой бодис илэрсэн мэдэгдэл Монголын үндэсний олимпийн хороо, Монголын допингийн эсрэг үндэсний төв, Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгч, Дэлхийн бөхийн холбоо (UWW), Азийн бөхийн холбоо (AAWC), Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) зэрэг байгууллагуудад ирсэн. Нэг хэсэг спорт сонирхчдыг шуугиалсан энэ асуудал Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гарах шийдвэрийг хүлээж байгааг албаныхан хэллээ.
Иймээс энэ удаагийн ДАШТ-д оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, П.Орхоны оронд олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэгийг явуулахаар болжээ. П.Орхон энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс гадна ДАШТ-д явах сонгон шалгаруулалтад С.Батцэцэгийг ялж эрхээ баталгаажуулаад байсан.