“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын шоуны эхний дугаар аравдугаар сарын 6-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн нэвтрүүлгийг Боловсрол телевиз, Өвөр Монголын “Одон” телевиз хамтран бүтээж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монголын болон Өвөр Монголын үзэгчид шоу нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр нэг зэрэг хүлээн авах боломжтой аж.
“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүн үзэгчдэд ихээхэн хүлээлт үүсгэж байсан. Тэгвэл өнгөрөгч Баасан гарагт Боловсрол телевизийн уран бүтээлчид “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын шүүгчдийг албан ёсоор зарлалаа. Тодруулбал, топ модель Э.Одгэрэл өөрийн туршлагаасаа хуваалцахаар “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шүүгчийн үүргийг хүлээн авсан байна. Мөн Монголын эрэгтэй загвар өмсөгчдөөс хамгийн чадварлаг, нэр хүндтэй нь гэж үнэлэгддэг Э.Энхболд болон олон улсын загварын тайзнаа анхлан алхсан Монгол моделиудын нэг бол Нора Дагва нар багтсан байна. Нора Дагва “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийг хоёр дахь жилдээ шүүх гэж байгаа билээ.