БНН-ын дарга Б.Жаргалсайхан ирэх сонгуульд дахин хүч үзнэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн БНН ялалт байгуулж чадах юм бол цалингийн доод хэмжээг 1000 ам.долларт хүргэх тухайгаа ч дурдаад авчээ. Тэрбээр энэ талаар “Манай нам сонгуулиар ялах юм бол цалинг мянган долларт хүргэнэ. Тэгж бодож байгаа. Халамжийг болиулна гэсэн бодол байна. Тэтгэврийн санг бол улсын нэгдсэн төсвөөс салгах ёстой. Тэтгэвэр авагч нар доод тал нь сая таван зуугаас хоёр сая төгрөг болгох хэрэгтэй байна. Энэ ажлуудыг хийх төлөвлөгөө хөгжлийн хөтөлбөр боловсруулчихаад байна. Би одоогоос арван жилийн өмнө цалинг 300 доллар болгох хэрэгтэй гэхэд “чи Жагаа худлаа яриад байна, цалин нэмж яагаад ч болохгүй” гээд байсан. Засгийн газарт гишүүн болж ороод хамгийн эхэнд цалин л нэмсэн шүү дээ. Цалинг нэмэхийн тулд наана нь тэр цалинг нэмэхийн тулд бэлтгэл ажлууд их чухал. Эдийн засгийг яаж өргөжүүлж тэлэх вэ гэдэг ажлуудыг дэс дараатай хийнэ” гэв.