Өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн шүүх тус аймгийн Дэрэн сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байсан М-д холбогдох хэргийг шүүн хэлэлцэж, түүнд 6 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн олон нийтийн мэдээллийн хэлтсээс мэдээлснээр, орон нутгийн банкны теллер үйлчлүүлэгчдийнхээ их хэмжээний мөнгийг завшсан хэргийг анх удаа шүүсэн тохиолдол болсон байна. Хэргийн тухайд тодруулбал, Дундговь аймгийн харьяат, иргэн М нь 2014-2016 оны хооронд тус аймгийн Дэрэн сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан 23 иргэнд нийт 109.499.000 төгрөгийн хохирол учруулжээ. 2016 оны нэгдүгээр сард албан тушаалын байдлаа ашиглан, банкны кассын мөнгөн хөрөнгө болох 21.203.696 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдож, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг залилах, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.