Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, БЗД-ийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна. Авто замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд 101 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлт хийгджээ. Үлдсэн дөрвөн нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар тухайн ажлын хүрээнд 57 у/м гүүр, хоёр цэгт ус зайлуулах хоолойн ажил хийгдэж дуусжээ. Цахилгааны шугам, цэвэр усны шугамын шилжүүлэг, хоёр уулзварт гэрлэн дохио суурилуулах, авто замын гэрэлтүүлгийн угсралт, борооны ус зайлуулах далд шугам болон авто замын барилгын ажил үргэлжлэн хийгдэж байна. Тус авто замын зорчих хэсгийн өргөн 14м, дөрвөн эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа 1 м өргөн ногоон байгууламж, 2.25м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам байх юм. Энэ зам нь хотын төвийг тойрсон гол гудамж зам бөгөөд ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх ач холбогдолтой юм.