Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр. Эрдэмтэд олон жилийн судалгаанд тулгуурлан Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн гэж тогтоосон байдаг. Үүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархалын өдөр болгон тэмдэглэж байхаар болсон билээ.
Өөрөөр хэлбэл бид хааныхаа төрсөн өдрийг долоо дахь жилдээ тэмдэглэж, бүх нийтээрээ амарч байна. Томоохон зах, худалдааны төвүүд өнөөдөр амарч байгаа учир замын хөдөлгөөн сийрэг, гэр бүлээрээ амарч, зугаалах тохиромжтой санагдлаа. Гэхдээ хаана ямар үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгааг мэдэхгүй бол дэмий шатахуун гарздахаас хэтрэхгүй биз.
Агаарт гарах
Гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн хамтаар агаар салхинд гарч, амарч, зугаалах боломжтой. Хотын их хөдөлгөөнөөс хол цэвэр агаар нэг өдрийг өнгөрүүлнэ гэдэг юугаар ч солихгүй сайхан мэдрэмж юм. Улаанбаатар хотын ойр орчимд үйлчилгээ сайтай олон амралтын газар бий. Тэднээс нэгийг сонгоод очиж амарч болно. Гадаа цаг агаар тогтуун байгаа учир өнөөдрийн амралтын өдрийг гэр бүлээрээ өнгөрүүлэх хамгийн тохиромжтой нэг хувилбар бол агаарт гарах юм гэж бодогдов.
Цэцэрлэгт хүрээлэн орж дугуй унах
Хотоос гарч, амарч, зугаалгаар явах боломжгүй байж болно. Тэгвэл хүүхдүүдээ дагуулаад цэцэрлэгт хүрээлэн орж, дугуй унаж болох юм. Спортын олон талбай бий. Сагс, хөлбөмбөг тоглож, цагийн зугаатай өнгөрүүлж болно. Өдөртөө – 2 хэмийн хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллэсэн. Тэгэхээр агаарт гарахыг хүсч байгаа бол хөнгөн, дулаан хувцаслах нь тохиромжтой болов уу.
Кино үзэх
Гадуур явах нь тохиромжгүй, даарна гэж бодож байгаа бол гэр бүлээрээ кино үзэж болох юм. Зайсан Хилл, Өргөө, Тэнгис, Гэгээнтэн, Хүннү Молл … гээд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дуу, дугаралт, өнгө дүрсийн нягтрал сайтай, кино театрууд олон болсон. Бүх кино театрт сүүлийн үеийн кино уран бүтээлүүд гарч байна. Хүүхэдтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзэж болно. Эсвэл холливүүдийн шинэ кинонууд ч гарч байна. Кино үзэх нь дулаан бас ая тухтай. Мөн бүхий л кино театр дэргэдээ тоглоомын төв, буфет зэрэг бий.
Гэртээ сайхан уур амьсгал бий болгох
Хааяа нэг хийдэг аавын хоол амттай байдаг даа. Тэгвэл энэ өдөр аавынхаа хоолыг амтлах боломжтой. Эсвэл гэрийнхэнтэйгээ хамтран хоол хийж болно. Ээж тоорт хийж, аав амтат плов хийж, хүүхдүүд жимс хальсалж, салат хийх гээд цагийг зугаатай өнгөрүүлэх олон төлөвлөгөөг хэрэгжүүлж болохоор байна. Хамгийн гол нь гэр бүлээрээ, халуун дулаан уур амьсгал бий болгож, завгүй олон өдрийн хоосон мэдрэмжийг үргээх юм.
Хүсвэл та энэ өдрийг өөрийнхөөрөө өнгөрүүлж болно
Дээр дурьдсан болгоныг заавал хийх албагүй л дээ. Өнөөдөр таныг амар гэж хуулиар зөвшөөрсөн. Тиймээс өөрийнхөө хүссэнээр өнөөдрийг өнгөрүүлж болно. Мөн амралгүйгээр ажиллаж байгаа албан байгууллага, хувь хүн гэж бий. Үүнийг бичигч би ч мөн адил амралгүйгээр ажиллаж сууна. Гэхдээ бүх нийтээр амарсан учраас өөртөө болон гэр бүлийнхэндээ заавал цаг гаргаж, сайн сайхныг мэдрээрэй.