Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд тэрбум тэрбумаар зээл авсан. Уг нь бага хүүтэй энэхүү зээл иргэдэд очсон бол олон ямар олон жижиг дунд үйлдвэрүүд хөл дээрээ босч, ямар олон айл өрх нийгмийн хөдөлгөгч хүч болох байсныг хэл мэдэхгүй юм.
Тэгвэл Засгийн газрын дэргэд нийт 27 сан үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр сангуудаар дамжуулж, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хэчнээн эрх мэдэлтэн хэчнээн төгрөгийн зээл авсан бэ? гэх хардлага иргэд олон нийтийн дунд бий. Үүнээс л тусгай сангуудын мэдээллийг ил болгох эрэлт бий боллоо.
2019 оны төсвийн төсөлд 27 сангийн 22 сангаар дамжуулан нийт гурван их наяд 646.2 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл тусгай сангаар дамжуулж эрх мэдэлтнүүд дахин “хулгай” хийх гэж байна. Үүнийг таслан зогсоож, тусгай сангийн санхүүжилтыг иргэдийн нүдэнд ил тод болох шаардлагатай.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Мэдээлэл хүсэх тухай албан бичгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт энэ сарын 6-ны өдөр хүргүүлсэн байна. Энэ албан хүсэлтэд тусгай сангуудын мэдээллийг ил болгох тухай бичжээ.
Мөн ЖДҮХ сан хэдэн оноос зээл олгож эхэлсэн, одоогийн байдлаар олгосон нийт зээлийн хэмжээ, эргэн төлөлт төлөгдөөгүй зээлийн талаарх мэдээлэл, УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн зээлийн мэдээллийг хүссэн байна.
УИХ-ын гишүүдэд ийм мэдээлэл авахад тийм ч төвөгтэй биш. Харин энэ мэдээлэл иргэд, олон нийтэд хэрэгтэй байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүд Л.Оюун-Эрдэнэ олж авсан мэдээллээ олон нийтэд хуваалцах уу, мөн Засгийн газар түүнд хэрэгтэй мэдээллийг өгөх болов уу?