Фэйсбүүк компани Мессенжэр үйлчилгээндээ удаан хүлээлгэсэн “Unsent” функцийг нэвтрүүлэхээр болжээ. Энэ нь санамсаргүйгээр хэн нэгэнд илгээсэн мессэжээ өөрийнхөө болон хүлээн авагчийн чат цонхноос устгах арга юм. Гэхдээ “Unsent”-г мессэж бичсэнээс хойш 10 минутын дотор л ашиглах боломжтой юм байна.
Фэйсбүүк Мессенжэрийн шинэ функцийг iOS буюу iPhone-д зориулсан аппликэшнээс эхлэн нэвтрүүлэхээр болжээ. Өнөөдөр iOS аппликэшний 191.0 хувилбарын шинэчлэлт гарч эхэлж байгаа. Тэгвэл энэ хувилбарын тайлбар дээр “Coming soon: Remove a message from chat thread after it’s been sent” гэсэн мэдэгдэл орсон байна. Өөрөөр хэлбэл iOS системд зориулсан Фэйсбүүк Мессенжэрийн 192.0 хувилбарт шинэ боломж нэвтрэх бололтой.
Энэ оны эхээр Фэйсбүүк компанийн дээд албан тушаалтнууд онцгой эрхтэйгээр, нууцаар “unsent” -г ашигладаг болохыг мэргэжилтнүүд анх удаа ил болгосон юм.
Үүнийгээ Фэйсбүүк компани дотоод мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэдэг гэж тайлбарласан бөгөөд удахгүй нийт хэрэглэгчиддээ хүргэнэ гэж зарласан юм.
Эх сурвалж: Independent