Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг энэ жил анх удаа хоёрдугаар шатанд шалгарч тоглолоо. Тэмцээний дараагийн шатанд шалгарах эрхийн төлөө Тайван, Хонгконг болон Хойд Солонгосын шигшээ багуудтай өрсөлдөж байна. Тэд эхний тоглолтоо Хойд Солонгосын багтай хийж хожигдсон бол дараагийн тоглолтоо өчигдөр талбайн эзэн Тайваны багтай хийлээ. Энэхүү тоглолтын эхлэлийг талбайн эзэд ширүүхэн эхлүүлж найм болон арав дахь минутанд Турк гаралтай довтлогч Онур Доган манай хаалганд гоолдсон. Манай залуус хоёр дахь хагаст сэргэж, эсрэг багийн хаалганд 62 дахь минутанд довтлогч Н.Цэдэнбал гоол оруулсан. Гэвч дахин гоол оруулж амжилгүй тоглолтонд 2:1 харьцаатайгаар хожигдлоо. “Талын хөх чононууд” ийнхүү хоёр дараалан хожигдсноор хэсгээс шалгарах боломжгүй болж байгаа аж. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо Хонгконгийн шигшээ багтай энэ сарын 16-ы өдөр хийнэ.
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан манай залуус өнгөрөгч есдүгээр сард өөрийн талбайдаа Макао болон Умард Марины арлуудын багийг хожиж, Гуамын шигшээ багтай тэнцсэнээр хоёрдугаар шатанд тоглох эрхээ авсан билээ.