Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурал одоо үргэлжилж байна. Энэ удаагийн хурлаар НИТХ-ын ээлжит бус хурлыг товлон зарлаж магадгүй. Учир нь өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын дарга С.Батболдыг огцруулах шийдвэр гаргасан. Мөн уг шийдвэрт Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарын үсэг зурсан. Сүүлд хуралдсан НИТХ-аас нийслэлийн Засаг даргын энэ оны үйл ажиллагааны биелэлтэнд “Хангалттай” гэсэн дүгнэлт тавиад байгаа. Хэдий хангалттай гэж дүгнэсэн НИТХ Засаг даргаа огцруулах уу эсвэл авч үлдэх үү гэдэг нь дараагийн хурлаас тодорхой болно. Дараагийн хурлыг хэдийд товлох эсэхийг НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодруулахад, “НИТХ-д тус асуудлаар албан бичиг ирсэн. МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ 15 хоногт багтаан хэлэлцэнэ. Бид эхлээд Тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэнэ. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, Үндсэн чиглэлийн явц 80 хувьтай явж байна гэж НИТХ үзсэн. Гэхдээ намын дээд удирдлага, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэж, албан бичиг илгээсэн гэж харж байгаа. Тийм учраас бид холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ.