Францад шатахууны үнэ өссөнтэй холбоотой 288 мянга гаруй иргэн улс даяар 2000 байршилд “Шар хантаазтанууд” хэмээх эсэргүүцлийн жагсаалыг бямба гарагт зохион байгууллаа. Жагсаалын үеэр нэг иргэн амиа алдаж, 400 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
Францын дотоод хэргийн яамны мэдээлснээр энэхүү жагсаалын үеэр 300 орчим иргэнийг байцааж, 157-г нь баривчилжээ. “Шар хантаазтанууд” жагсаалд оролцогчид тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макроныг иргэдээ тоолгүй хөсөр хаялаа хэмээн буруутгаж, зарим нь түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна.
Эммануэл Макрон жагсаалын талаар одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Үүнтэй холбогдуулан түүний нэр хүнд ихээхэн унах байх гэж үзэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Францад дизель түлшний үнэ 23 хувиар өсөж дунджаар 1 литр нь 1.71 ам.доллар болсон байна.
Эх сурвалж: BBC