Урд хөрш он дуустал аль ч боомтоороо нүүрс авахгүй байхаар шийдвэрлэжээ. Шалтгаан нь өнгөрсөн онд импортолсон хэмжээнээс давуулахгүй, одоогоор төлөвлөсөн хэмжээндээ хүрсэн гэж тайлбарлаж байгаа юм. Гэхдээ энэ талаар албан ёсны мэдэгдэл одоогоор ирээгүй байна.
Үүнтэй холбогдуулан Зам тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвөөс тээвэр, зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, “Энержи ресурс”, “Эрдэнэс тавантолгой”, “Тавантолгой” компаниудын уурхайн ачилтыг түр зогсоон, тээвэрлэлт хэвийн болгох хүртэл лац олгохгүй байхаар шийдвэрлэжээ.
Өнөөдрийн байдлаар монгол улсын хилээр 86 тээврийн хэрэгсэл гарсан ч Хятадын талаас хүлээж авалгүй хоёр улсын хилийн дундын бүсэд байрлаж байна. Ажлын хэсгийнхэн дараалалд зогсч байгаа жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдал, хоол унд амрах байраар хангахыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд даалгажээ.
2017 онд 49,5 сая.тн нүүрс олборлож, 33,4 сая.тн нүүрс экспортлосон нь Монгол улсын дээд амжилт болж байв. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтийн хэмжээнд Австрали улсын дараа хоёрдугаарт эрэмбэлэгджээ.