Ирэх жилийн загварын өнгийг тодорхойлдог “Гоёл ” наадмын тов гарчээ. Энэ жил 31 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг наадам энэ сарын 26-аас “Загварын 7 хоног”-оор эхлэх гэж байна. Харин сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын сарын 30-нд 18:00 цагаас Соёлын төв өргөөнд явагдана.
Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулах юм байна.
Топуудаас Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар тайзнаа алхах аж. Мөн энэ жилийн наадамд ОХУ-ын Буриад улсаас 10 гаруй загвар өмсөгч ирж оролцохоор болжээ.
“Гоёл наадмын энэ жилийн онцлог бол монголын шинэ брэндүүд, шинэ дизайнерууд оролцож байгаа явдал” гэж Монголын дизайнеруудын холбооны хувцас дизайны салбарын тэргүүн, “Шилмэл загвар” компанийн ерөнхий захирал Ч.Оюунцэцэг хэллээ.
Өнгөрсөн жил топ моделиор загвар өмсөгч Туяацэцэгийн Халиунаа тодорч байсан юм.