Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрөгч есдүгээр сард Хойд Солонгосын Пхеньян хотноо удирдагч Ким Чен Унтай уулзаж “Пхеньяны тунхаг бичиг”-ийг амжилттай байгуулсан. Энэхүү тунхаг бичгийг байгуулсаны дараа хоёр Солонгос цэрэггүй бүс дэх тэсрэх бөмбөгийг цэвэрлэж, харуулын байрууддаа буулгасан байна.
“Маргааш буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 22-ний өдөр цэрэггүй бүсэд 12 метрийн өргөн шороон замыг холбоно” гэж Хөх ордноос мэдээлжээ. Мөн энэ ондоо багтаан хоёр улсыг холбосон төмөр зам байгуулах ажлыг эхлүүлэхээр тохиролцжээ.
1950-иад онд дэгдсэн Солонгосын дайнд албан ёсоор цэг тавих ажлыг эрчимжүүлэхийг Хөх ордны тэргүүн Мун Жэ Ин АНУ тэргүүтэй орнуудаас хүссэн билээ. “Гэхдээ хоёр орны дайнд цэг тавих ажил хамгийн багадаа 1-3 жил үргэлжилнэ” хэмээн Пхеньян мэдэгдэж буй юм.