УИХ-ын гишүүн Ж.Батзандантай Засгийн газрыг огцруулах эсэх талаар байр суурийг нь тодрууллаа.
-АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн та биелүүлэх ёстой юу? Танай намын дүрэм дээр юу гэж заасан байдаг вэ?
-Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн АН-ын бүлгийн шийдвэр гарсан байгаа. Намаас чиглэл ирсэн учраас шийдвэрийг биелүүлэх талдаа байх байх. Гэхдээ олон түмний санаа бодлыг бид сонсох ёстой. Дараагийн Засгийн газар нь ямар Засгийн газар гарч ирэх вэ гэдэг асуудал миний сонирхлыг татаж байна. Нөгөө л 60 тэрбумын мафийн бүлэглэл, өнөөх “Эрдэнэт”-ийн 51 хувийг авсан бүлэглэлийнхэн нь дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх гэж байна гэж сонссон. Тиймээс миний хувьд дараагийн засгийн газарт бүр мафийнхан гараад ирэх вий гэдгээс болгоомжилж байна. Бүлгийн нөхдүүддээ ч бас сануулж хэлсэн байгаа. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий дээ. Мафийн бүлэглэлтэй тэмцэхгүй, харин ч мафийн бүлэглэлийг сэргээж Монголыг хорлох вий гэдэг дээр ул суурьтай хандас ёстой. Намаас өгсөн чиглэлийг харалгүй яахав гэхдээ улс орны эрх ашиг ард түмний санал бодлыг сонсох учиртай.
-Таныг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахгүй байх байр суурьтай байна гэж үзэж болох уу?
-60 тэрбумынхантай болон Засгийн газрынхантай хариуцлага тооцох хоёр чухал асуудал яригдаж байна. Миний хувьд идэж уусан хүмүүстэй нам харгалзахгүйгээр хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг Ардчилсан Нам нухацтай ярилцах ёстой. Улс төрийн зөвлөлийн шийдвэр гарсан. Үүнийг илүү нухацтай ярьж байж эцсийн шийдвэрээ гаргах ёстой.
Эх сурвалж: www.zarig.mn