Хөдөлмөрийн Үндэсний Намаас өнөөдөр мэдээлэл хийж Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг огцрохыг шаардлаа.
Тус намын дарга Б.Найдалаа “Монгол хүн бүр ууртай байна. Бидний итгэж найдаж сонгосон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, сайд нар бүгд Монгол Улсын төлөө ажилладаггүй. Монгол Улсыг, биднийг бодож байгаа хүн 76 дотор нэг ч алга. Бид үнэхээр ууртай байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-гийн зээл авсан, өөрийн мэдлийн хүмүүст хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө огцрох хэрэгтэй. Хуулийн байгууллагаас ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийнх нь асуудлыг оруулж байхад эрхийг нь түдгэлзүүлэхгүй хаацайлж байгаа бол УИХ тарж, М.Энхболд өөрөө огцрох хэрэгтэй. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга ЖДҮХС-тай холбоотой баримт нь тодорхой байгаа. Дээр нь хүүгийнхээ хар тамхины хэргийг прокурорын байгууллагаас татаж авсан. Ийм тодорхой гэмт хэрэг, ёсзүйн асуудал байсаар байхад яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ.
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар ямар ч ажиллагаагүй болжээ. Ард түмний нэр барьж өөрсдийн эрх ашиг, гэмт хэргээ хаацайлан тэмцэлдэж байна. Ямар ч үр дүнгүйгээр Монгол Улсын хөгжлийн зам, монгол хүний сайхан амьдрах боломжуудыг булааж авч байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгдээрээ эрхээсээ түдгэлзэж, огцрох хэрэгтэй” гэсэн юм.
Тус намаас монгол төрийг бусниулж байгаа хүмүүсийн эсрэг тэмцлийн арга хэмжээ авахаар “Дэмжигчдийн хуудас”-ыг нээж, монголчуудыг нэгдэхийг уриаллаа.