УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах үндэслэлийг даваа гаригт УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Холбогдох хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцэж, 14 хроногт багтаан УИХ-аар эцэслэн шийдвэрлэх учиртай юм.
Өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн “Өнөөдөр байнгын хорооны ирц бүрдэж байгаатай холбоотой Засгийн газрыг огцруулах асуудлаа хэлэлцье. Засаг огцрох нь уу, үгүй юу гээд асуулт үүсээд, ажил явахгүй байна. Асуудлаа хурдан шийдэж, нэг тийш нь гаргах хэрэгтэй” гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Би УИХ-ын болоод намын бүлгийн удирдлагатай ярьсан. Долоо хоногийн дотор байнгын хороо хэлэлцэнэ гэж заасан. Хуультай учир баасан гаригийн 15:00 цагаас өмнө манай байнгын хороог хуралдуулах бололцоо олгож өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-ын даргын зөвлөлд гаргасан” гэсэн хариулт өглөө.