Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар зэрэгцэн сууж байгаад сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ. Зэрэгцэн гэж тодотгож байгаа нь тэд УИХ дахь МАН-ын хоёр өөр бүлгийн төлөөлөл. Д.Тогтохсүрэн гишүүн бол УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар саяхан сонгогдсон хүн. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бол Н.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн төлөөлөл.
Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өөрийн бүлгийн шийдвэрээ танилцуулаад Н.Номтойбаяр гишүүнд “хөөгдөн” танхимаас гарсан юм. Түүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдэхдээ, “УИХ-ын гишүүн Б.Батзориг дээр хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үүнтэй адилхан УИХ-ын гишүүн Б. Баделхан, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Я.Содбаатар нэр дээр хэрэг үүсгээд шалгаж байгаа. Засгийн газрын дөрвөн сайд нь шалгагдаж байна” гэв.
Харин 11 дүгээр сарын 23-ны өдөр АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг “АТГ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригоос 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлэг авсан… Б.Батзоригоос өөр ямар нэгэн УИХ-ын гишүүдийг одоогоор дуудаж байцаалт аваагүй байгаа болно” гэж мэдэгдсэн юм.
Эндээс УИХ-ын гишүүн худал ярив уу, АТГ-ын комиссар худал мэдэгдэл хийв үү гэсэн эргэлзээ үүсч байна. Эсвэл АТГ-ын мэдэгдэлээс хойш УИХ-ын гишүүн Б.Баделхан, Н.Цэрэнбат, Я.Содбаатар нарт хэрэг үүсгээд шалгаж эхэлсэн байж болох юм. Гэхдээ энэ мэдээллийг УИХ-ын гишүүн бус хуулийн байгууллагын мэдээллээс олж харахыг олон нийт хүсч байна.