УИХ-ын гишүүн Л.Болдод Засгийн газрыг огцруулах санал хураалтад бүлгийн эсрэг санал өгсөнд намаас нь улс төрийн хариуцлага сонсгосон. Үүний хариу болгож гишүүн намаасаа гарч байгаагаа өчигдөр мэдэгдсэн билээ. Ингэснээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг тарах эсэх талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Л.Болд гишүүн өчигдөр надад бичиг хүргүүлсэн. Өнөөдөр Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Бүлгээс гарах хүсэлтийг нь хуулийн дагуу шийдэх ёстой. Гэтэл хуулийн заалттай нийцэхгүй байна. Тиймээс би Улсын дээд шүүхэд тайлбар явуулж байгаа. АН-ын суудалд сууж байгаа Л.Болд бол АН-ын гишүүн мөн. Тиймээс УИХ-ын хуулийн дагуу найман хүний суудалтай АН-ын бүлэг хэвээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Хуулийн зөрчилтэй ийм хүсэлтэд АН-ын бүлгийн даргын хувьд ямар ч бичиг, мэдэгдлийг УИХ-ын даргад өгөхгүй. Тийм үндэслэл байхгүй. Би хууль зөрчих эрхгүй.
Намаас чөлөөлөгдвөл бүлэг тарах эрсдэл үүсч болно. Гишүүн нам бус болж, бүлгээс гарвал бид 8-ын тоонд хүрэхгүй байгаа учраас бүлэг тарна. Бүлэг тарахыг хэн нэгэн хүн амныхаа зоргоор шийддэг асуудал биш. Бүлэг тарах хуулийн заалттай. Хэрвээ улс төрийн нам татан буугдсан бол эсвэл бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан бол гэсэн хоёр заалтаар тарж болно. Туршлагатай парламентач. Ард түмнийг төлөөлж, сөрөг хүчний дуу хоолой болж байгаа бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй гэдгийг Л.Болд гишүүнд хэлмээр байна. АН-ын суудалд дээр сонгогдож орж ирээд бүлгээс гарна гэдэг тохиолдол анх удаа болж байгааг Л.Болд гишүүнд сануулж хэлмээр байна…” гэж мэдэгдэв.