Улсын Ерөнхий прокурорын газраас өнгөрсөн 11 дүгээр сарын 16-нд “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргээс эхлээд ЖДҮ-ийн сантай холбоотой авлига албан тушаалын хэргүүдийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай шалгаж шийдвэрлэн, үрдүнг тооцож ажиллах үүргийг өгсөн.
Тэгвэл хамтарсан ажлын хэсгийнхний ажлын эхний үр дүнгүүд гарч байгаа бололтой.
Тодруулбал, ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын зарим гишүүнтэй холбоотой хэрэг мөрдөн байцаалтаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжсэн, прокурорын яллах дүгнэлт гарсан гэдэг мэдээлэл байна. Прокурорын байгууллага дахь эх сурвалжийн мэдээлснээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг маргааш буюу баасан гаригт өргөн барихаар бэлтгэж байгаа гэнэ.
ЖДҮ-тэй холбоотой прокуророос яллах дүгнэлт үйлдсэн гурван гишүүний тухайд, гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар ажээ.