Байгаль орчны яам, Анчдын нийгэмлэг болон бус аж ахуйн нэгж, иргэд хамтран 2013 онд ан амьтанд зориулж хоёр худаг, хоёр хөв байгуулсан байдаг. Говьд зэрлэг амьтанд зориулсан задгай ус ямар чухал болохыг Хөшөөтийн хөвд ундаалж байгаа амьтдын зургаас харж болно.
10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 20 /2013 он/ хүртэл буюу нэг сар гаруй хугацаанд Хөшөөтийн хөвд 50 гаруй аргал, 30 гаруй хавтгай, 40 орчим хулан, 40 орчим цагаан сүүлт, 2 чоно, 1 тэх, махчин шувууд, хахилаг зэрэг амьтад ирж ундаалсан болохыг гэрэл зураг гэрчилж байна. Хоёр булгыг тохижуулж, хөвд байгуулахад 23 сая төгрөгийн зардал гарсан гэж эх сурвалж мэдээлж байна. Энэ мэтээр айхтар хөрөнгө шаардахгүй ч эх орон, ан амьтдад хэрэгтэй ундаасах газрыг нь бэлтгээд байж болохыг энэ жишээ харуулж байна.