“Miss World 2018” дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Санья хотод өндөрлөлөө. Энэ жилийн дэлхийн тэргүүн миссээр Мексикийн мисс Ванесса Понсе тодорч энэхүү тэмцээний титмийн эзэн боллоо. Тэрбээр Топ 12-т Америк тивийн оролцогчдоос шалгарсан юм.
Тэмцээний Топ 5-д Беларус, Ямайк, Мексик, Уганда болон Ази тивийн тэргүүн гоо бүсгүй Тайландын миссүүд шалгараад байсан. Тэдний дотроос 26 настай Мексикийн Ванесса Понсе дэлхийн тэргүүн миссээр тодорлоо.
Энэ удаагийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 118 орны гоо бүсгүйчүүд дөрвөн долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн. Эцсийн шалгаруулалтад зөвхөн 30 нь шалгаран үлдсэн бөгөөд харамсалтай нь Монголын мисс Э.Энхриймаа багтаж чадсангүй. Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Э.Энхриймаа энэ удаа явцын шалгаруулалтад амжилттай оролцсон. Тэрбээр зорилго гоо бүсгүй шалгаруулалтад шилдэг 25-т багтсанаас гадна авьяасын үзүүлбэрт шилдэг оролцогчийн нэг болж байв.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын миссүүд “Miss World”-д амжилттай оролцож, титмийн төлөө хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэх болсон.
2016 онд мисс А.Баярцэцэг эцсийн шатны шалгаруулалтад илбэтэй уран бичлэгийн үзүүлбэрийг үзүүлж, шилдэг 11 оролцогчийн нэг болсон. Мөн 2017 оны “Miss World”-д Ц.Энхжин топ 15-д багтаад байгаа нь хамгийн өндөр амжилт болж байна. Энэ жилийн оролцогч Э.Энхриймаа шилдэг 30-д багтаж чадаагүй ч тэрбээр эх орноо дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнээс амжилттай танилцуулж чадлаа.