Өөрийн барилддаг Чиганоура дэвжээний залуу бөхийг хэлсэн зүйл мартлаа гэх үндэслэлээр нүүрэн тус газар нь 4-5 удаа цохиж гэмтээсэн Таканойва А.Баасандорж өнгөрөгч бямба гаригт өөрийн зодог тайлах болсноо албан ёсоор зарлажээ. Тэрээр, “Би сүмогийн дэвжээндээ үлдэж, өөрийн чадах хүртлээ амжилт гаргахыг маш их хүсч байсан. Гэхдээ би өөрийн хийсэн буруутай үйлдлийнхээ хариуцлагыг хүлээхээр хатуу шийдсэн” гэв. Залуу бөхийг гэмтээснийх нь хариуд түүнийг Японы сүмо бөхийн холбоо эхний ээлжинд өвлийн тойргийн барилдаанаас чөлөөлж, цаашид ямар шийтгэл оногдуулах талаар ярилцаж байсан байна. Холбооны тэргүүн Хаккакү ояаката “үүний төлөө зодог тайлна гэж үү” гэж хэдэнтээ асууж байж өргөдлийг хүлээн авсан гэнэ. Мөн түүнийг дэвжээний багш үргэлжлүүлэн барилдахыг ятгасан ч тэрээр хүлээн аваагүй байна.