Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдаас санал оруулсаны дагуу Засгийн Газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг авч хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Билэгт “Я.Содбаатарыг чөлөөлнө, Ц.Цогзолмааг огцруулна гэдэг нь ямар учиртай юм бэ. Ялгааг нь хэлж өгөөч” гэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуулийн зөвлөх Л.Өлзийсайхан “Ц.Цогзолмаа сайдын хувьд Засгийн газрын тухай хуулийн 17.3 мөн хуулийн 24.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн. Засгийн газрын тухай хуулийн 17.3-т “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ” 24.4 дэх заалтад “Засгийн газрын гишүүн шийдвэр мэдэгдэл гаргах, аливаа хэрэгжилтэд байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтлана” гэсэн заалт байгаа” хэмээн тайлбарлав.
Санал хураалт явагдахад Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг байнгын хороо дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдлээ.