УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Амарзаяа, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нарын гишүүд өнөөдөр /2018.12.11/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бидний өнөөдрийн хийж байгаа үйлдэл нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээс татгалзаж, ЖДҮХС-ийн асуудлаар шалгуулах боломжтой гэж манлайлал үзүүлж байна. Хууль хяналтын байгууллагад ажиллах боломжийг олгооч ээ гэж бусад гишүүдээсээ хүсч байгаа юм. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн дор нуугдаж болохгүй. Ёс зүйн дэд хороо ирц бүрдэхгүй хуралдаж чадахгүй өнөөдрийг хүрч байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-ЖДҮХС-ийн зээлийг Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, эрх мэдэл бүхий хүмүүс авсан нь ёс зүйгүй үйлдэл болсон. Сүүлийн үед зээл авсан ёс зүйгүй ажиллагаа бүдгэрэх хандлагатай байгаа. Энэ асуудлыг бид ёс зүйн болон хууль эрх зүйн үндэслэлээр шалгаж харах ёстой. УИХ-ын нэр бүхий хорин гишүүн гарын үсэг зурж, хуулийг чандлан сахих үүднээс ЖДҮ-тэй холбоотой УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байгаа гэдгээ албан ёсоор зарлаж байна. Бидний энэхүү асуудлыг УИХ-ын бусад гишүүд дэмжихийг хүсч байна. Бид энэхүү саналаа УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод гардуулж байна.
Одоогоор УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаар нэгдсэн байгаа бөгөөд гарын үсгээ зурж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгөх юм байна.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө
-Нийслэлийн прокурорын байгууллагаас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл байна уу?
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: “Одоогоор прокурорын байгууллагаас ямар хүмүүсийг оруулж ирэх талаар мэдээлэлгүй байна. Нийслэлийн ерөнхий прокурорын газраас нэр бүхий гурван гишүүний асуудлыг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэх мэдээлэл бий. Бидний хувьд бусад УИХ-ын гишүүдээ уриалж, бүрэн эрхээсээ түр түдгэлзэж, шалгуулахыг хүсч, уриалж байна” гэв.
Төрийн түшээ нар маань шалгагдах гээд УИХ-ын танхим эзэнгүй байна.