“25-р суваг” телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд оролцлоо. Түүний яриаг үзэгчид ихэд анхааралтай сонссон байх. Энд хуулийнхан шалгах ёстой хэд хэдэн ноцтой асуудал хөндөгдсөн. Тиймээс Т.Ганболдын ярианаас баримт болж үлдэх зарим асуудлыг ишлэл болгон хүргэж байна.
-60 тэрбумын схем хамгийн түрүүн Хөдөлмөрийн үндэсний нам дотор яригдаж байсан. Энэ схемийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Доржханд гэдэг залуугийн хийсэн.
-С.Ганбаатар 2009 онд өөрийн туслахын нэр дээр ХҮН-ыг бүртгүүлсэн байсан. Бэлэн бүртгэлтэй байсан нам шүү дээ.
-Дээд шүүх бүртгэлийн үүрэг гүйцэтгэх байсан ч улс төрийн захиалагч болоод хувирчихсан.
-С.Ганбаатар, Ж.Батзандан, О.Магнай нарын гудамжны жагсаалыг би анх санхүүжүүлж байсан.
-Би өмнөх парламентад УИХ-ын гишүүн байсан С.Дэмбэрэл гэж хүний үеэл.
-Миний нагац ах С.Дэмбэрэлээр кноп даруулахын тулд намайг шоронд хийсэн нь үнэн. Бүлэглэл байдаг.
-Тухайн үед хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд нь дандаа улс төр бизнесээс орж ирсэн хүмүүс байсан. Тэд хууль хяналтын байгууллагыг толгойлохоор юу болдгийг бид өнгөрсөн цаг хугацаанд харсан.
-Өрсөлдөгчөө шоронд хийж байгаад сонгууль хийдэг асуудлаа болих хэрэгтэй.
-1996 он хүртэл улс төр цэвэр байсан. Үүнээс хойш улстөрчид бүлэглэлийн халаасанд орсон.
-Манай компанийн данснаас 4 сая ам.доллар тухайн үеийн Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүүгийн дансанд шилжсэн нь үнэн.
-Нэг мэдэхэд улстөрчид бизнес хийдэг хүмүүсээсээ үнэтэй байшинд амьдарч, тансаг машин унаж, бизнес классаар нисдэг болчихсон байна.
-Улс төрийн эрх мэдэл гэдэг бол бүх юмны эрх мэдэл болчихлоо.