Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр болж, арванхоёрдугаар сарын ээлжит хуралдааны шийдвэрээ танилцууллаа.
Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 11%-д хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Улсын хэмжээнд инфляц 2018 оны арваннэгдүгээр сард 8.1 хувьтай байгаа нь мах, хатуу түлш, шатахуун зэрэг барааны үнэ өссөн буюу нийлүүлэлтийн шалтгаантай байсан гэнэ.
Цалин болон дотоод эрэлтийн өсөлтөөр дамжин эрэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө нэмэгдэхээр байгаа бөгөөд ирэх онд эдийн засгийн өсөлт энэ хэвээр хадгалагдана хэмээн үзжээ.
Хэдийгээр гадаад орчны тодорхой бус байдал үргэлжилж байгаа ч энэ оны эхний 11 сарын байдлаар худалдааны тэнцэл ашигтай, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байгаа нь төгрөгийн ханш тогтворжих суурь боломжийг бүрдүүлж байна хэмээн тайлбарлав.
Тиймээс Мөнгөний бодлогын хороо инфляцад нөлөөлөх бүх хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжлийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ.