Өчигдөр орой 21.30 цаг өнгөрч байхад хуучнаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны урд орших “Баянзүрх” захад гал гарч удалгүй Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын нэгдүгээр хэлтэс очиж галыг бүрэн унтраасан байна. Одоо зах уруу хүн нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд цагдаа нар үзлэг хийж байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуягаас галын шалтгааны талаар тодруулсан юм. Тэрбээр “Баянзүрх дүүргийн VI хороо “Баянзүрх” захад гал гарлаа гэх дуудлагыг өчигдөр /2018.12.18/ 21.57 цагт авсан. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын I хэлтэс очиж, 25 минутын дотор галыг унтраасан. Биднийг очих үед хүнсний зургаан лангуу галд өртсөн байсан. Галыг унтраасны дараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. Тэд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа” гэлээ.
Галын улмаас 6 ширхэг хүнс, барааны лангуу шатсан байна.Гал чухам юунаас болж гарсан талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд галын шинжээчдийн дүгнэлтээр шалтгаан нөхцлийг тодруулна. Шинжээчдийн дүгнэлт 14 хоногийн дараа гарах аж.