Жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусаж байгаатай холбогдуулан хуулийн хугацааг сунгах талаар хэлэлцүүлэг боллоо.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжих хугацаатайгаар баталсан. Энэхүү хуулийн дагуу Засгийн газраас тогтоол гаргаж, жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалттай 29 салбарын 618 төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн.
Энэхүү хууль хэрэгжсэнээр энэ оны эхний 10 сарын, 34 орноос нийт 606 үйлдвэр эрхлэгч 29 нэр төрлийн 1674 тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлож, 3.8 тэрбум төгрөгийн гаалийн албан татварын чөлөөлөлтөд хамрагдсан байна. Үүний үр дүнд 2017, 2018 онд нийт 3579 ажлын байр шинээр бий болгож чаджээ. Мөн энэхүү хууль хэрэгжсэнээр арьс шир, ноос ноолуур, нэхмэл бүтээгдэхүүн, монгол гэр модон эдлэлийн экспорт нэмэгдэж, 2018 оны эхний 10 сарын байдлаар дээр дурдсан бүтээгдэхүүний экспорт 540,3 сая.ам долларт хүрээд байна.
Ийнхүү жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн нь эерэг өөрчлөлт авчирч байгаа тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хугацааг сунгах хүсэлтээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа санал ирүүлсэн байдаг байна. Мөн 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр Төрийн ордон зохион байгуулсан “Үндэсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж, гарц, шийдэл хайсан зөвлөлдөх уулзалт” хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг саналаа хүргүүлсэн аж.