Өнгөрөгч есдүгээр сард боловсролын байгууллагын багш, ажилчид харьяа яам болон сангийн яамны өмнө ажил хаялт зарлаж өөрсдийн цалинг нэмэгдүүлэхийг шаардсан. Ажил хаялтын үр дүнд тэд цалингаа үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тохиролцож ажилдаа эргэн орцгоосон. Тэгвэл тэд өөрсдийн тавьсан шаардлагыг бүрэн гүйцэт хэрэгжээгүй гэж үзэж БСШУСЯ-нд мэдэгдэл хүргүүлсэн байна. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны мэдэгдснээр шинжлэх ухааны ажилчдын цалингийн нэмэгдэл одоо ч ороогүй байгаа учир энэхүү ажил хаялтыг зохион байгуулах гэж байгаа гэнэ. Энэ талаар Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороон дарга Т.Баясгалан “Есдүгээр сарын 14-ний өдөр манай үйлдвэрчний эвлэл, БСШУСЯ, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам гэх байгууллагуудын хооронд Засгийн газрын гаргасан саналыг үндэслэн хэлэлцээр байгуулсан. Үүнд 2018 оны 10 дугаар сарын нэгний өдрөөс багш болон эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг долоон хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон. Гэвч он дуусах гэж байхад уг нэмэгдэл ажилчдад олгогдоогүй байна. Тухайлбал, нийслэлийн зарим сургуулиудын багш нар нэмэгдлээ дөнгөж авч эхэлсэн ч хөдөө орон нутаг болон нийслэлийн үлдсэн ажилчид аваагүй байна. Олон сарын турш бид цалинг нэмэгдүүлэх гэж гуйж, шаардаж явсан, гэвч ямар нэгэн үр дүнд одоог хүртэл хүрээгүй байгаад бид бухимдаж байна. Тийм ч учраас хариуцсан яамдыг хэлэлцээрийн дагуу ажлаа гүйцэтгэхийг шаардах болно. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт шаардлага хүргүүлнэ” гэж мэдэгдлээ.