Утаа ихтэй бүс буюу Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын гэр хорооллын хүүхдүүдэд “Монголын хандив тусламжийн холбоо” төрийн бус байгууллагынхан шинэ жилийн гэнэтийн бэлэг барьжээ. Энэ бэлэг нь тохилог, дулаахан автобусаар зөвхөн хүүхдүүдэд үнэ төлбөргүй долоо хоног үйлчлэх юм.
Зүүн салаагаас Саппоро чиглэлд хүүхдэд үйлчилж байгаа автобус энэ сарын 29-ныг хүртэл 06.30-20.00 цагийн хооронд үйлчилгээ үзүүлнэ. Хэдийгээр бага ангийн сурагчдын амралт эхэлсэн ч дунд болон ахлах ангийн сурагчдад үнэгүй автобус долоо хоногийн хугацаатай үйлчлэх нь ээ.
Өдрийн турш 150-200 км зам туулан долоон өдөр үйлчилгээ үзүүлэхэд хоёр сая орчим зардал гарахаар байгаа гэнэ. Ингээд долоон өдрийн турш өдөрт дунджаар 300 хүүхдэд үйлчилнэ гэж бодвол 2100 орчим хүүхэд дулаан харих боломжтой юм байна.
Энэ бол төрийн бус байгууллагын санаачлага. Мөн цагаа олсон зөв ажил боллоо гэж иргэд үзэж байна. Харин төрийн бус байгууллагын эхлүүлсэн ажлыг төр, улс, нийслэл авч, дан Зүүнсалаа-Саппоро гэлтгүй, Амгалан-Офицер, Долоон буудал-Багшийн дээд гэх мэтийн чиглэл гаргаж хэрэгжүүлээсэй билээ.