Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийг аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж замын цагдаагийн 352 алба хаагч, ХСИС-ийн 200 сонсогч нийт 552 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж та бүхний амар амгалангийн манаанд ажиллана.
Баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт дараах байдлаар мөрдөгдөнө.
- 2018 оны 12 дугаар сарын 31-ний Даваа гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөх бөгөөд 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.
- 2019 оны 01 дүгээр сарын 01-ний бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
- 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж эхэлнэ.
Түүнчлэн шинэ оны нарыг харахаар иргэд нэгдүгээр сарын 1-нд Хийморийн овоо, Дөрвөн уулынхаа овоо болон Багахангай дүүргийг ихээр зорьдог. Энэ үеэр иргэдийг аюулгүй зорчуулах үүднээс мөн алба хаагчид хуваарийн дагуу нэмэгдлээр ажиллах юм.
Иргэн та шинэ оны анхны нарыг угтан ажил үйлсээ даатгаж, ирэх жилийнхээ хийморь сүлдийг урин дуудахаар гэрээсээ гарахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй, хүүхдийг зориулалтын суудалд авч явахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба