Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дипломат цол олгох тухай” зарлиг гаргаж, Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж дараах хүмүүст дараах цолуудыг олгосон байна.
Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лодойдамбын Галбадрах
- Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар нарт
Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг
- Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүү,
- Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын байнгын төлөөлөгчийн газар суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарт гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дипломат цол олгосны дараа үг хэлэв.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
Та бүхний өдрийн амгаланг айлтгая.
Өнөөдөр Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 107 жилийн ойг тохиолдуулан дипломат албанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхмүүдэд дипломат дээд цол олгож байна.
Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар 1994 оноос эхлэн дипломат албанд хүчин зүтгэсэн. Энэ хугацаанд Ази, Африкийн газарт атташе, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайд зэрэг албыг төрийн албаны мерит зарчмаар хааж, өндөр үр бүтээл гаргасан байна. Танд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг хүртээж байна.
Манай гадаад харилцаа нь эдийн засгийн аюулгүй байдлыг дипломат арга замаар бэхжүүлэх, хөгжүүлэхэд илүүтэй чиглэгдэх ёстой цаг үед ирснийг энд онцлон дурдах байна.
Дипломат албаны өндөр дээд цол хүртсэн эрхмүүддээ баяр хүргэж, ажил амьдрал нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын гадаад харилцаа өргөжин, дэлгэрэх болтугай.
Баярлалаа Та бүхэнд” гэв.