Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Энэ удаагийн шүүх хуралд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2019 оны нэгдүгээр сарын 08-16-ны өдрүүдэд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн байна. Харин шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь “Хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул энэ удаагийн шүүх хуралдааныг энэ сарын 19-ний өдрийн 11.00 цаг хүртэл хойшлууллаа.
Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 гэсэн зүйл ангиар буюу албан үүргээ урвуулан ашигласан гэх зүйл ангиар ял төлөвлөжээ.