Олимпийн наадмын гурван алт, нэг мөнгөн медальт, Дэлхийн 13 удаагийн аварга, Японы чөлөөт бөхийн нэрт тамирчин Саори Ёшида өчигдөр их спортоос зодог тайлж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр “Би өөрийн бөхийн амьдралаа өндөрлүүлэхээр шийдлээ. Намайг дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа” гэж твиттер хуудсаараа зарлажээ.
Тэрээр 2002 онд анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орсон цагаасаа тасралтгүй тэргүүлсэн бөгөөд амжилтын цувааг нь 2016 онд АНУ-ын Хелен Мароулис Рио Де Жанейрогийн зуны олимпийн наадмын дэвжээн дээр зогсоосон билээ.
Тэрээр тамирчины замналаа өндөрлүүлж “Токио 2020” зуны олимпийн наадамд оролцох Японы баг тамирчдыг бэлдэх үйлсэд хүчин зүгтэх болжээ. Ёшидагийн зодог тайлах энэхүү гэнэтийн мэдэгдэл нь Токиогийн олимпийн наадамд түүнийг барилдана гэж итгэж байсан олон хүнийг гайхшруулж байна.