Өнөөдөр болсон Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зохицуулалтаар Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор өмнө нь хүчингүй болгосон холбогдох хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Хуралдаанаар “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн Сонгуулийн тухай хуулийн заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон холбогдох хуулийн заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээн батлаагүй байна хэмээн шийдвэрлэв. Тодруулбал, 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын зохицуулалтаас агуулгын хувьд ялгаатай байна хэмээн Цэц үзлээ.
Сонгуулийн тухай хуулийн уг зохицуулалтаар сонгуулийн зардлын хяналт, нээлттэй, ил тод байдлын үндсийг тогтоон сонгуулийн санхүүжилтийн болон зардлын тайлан гаргахыг шаардаж улс төрийн намын санхүүгийн үйл ажиллагааг хөндлөнгийн хяналттай, хариуцлагатай болгож, сонгуулийн тэгш, шударга байдлыг баталгаажуулах, иргэний улс төрийн эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлсэн байна. Мөн энэ заалт нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зохицуулалт болсон байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.
Харин Үндсэн хуулийн цэцийн 2010 оны тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалт нь зорилгын хувьд зөвхөн нам, эвслийг сонгуульд бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулж байсан ба сонгуульд оролцсон нам, эвсэл сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол дараа дараагийн хэдэн ч удаагийн сонгуульд оролцуулахгүй байж болох тодорхой бус үргэлжилсэн үр дагаврыг үүсгэхээр байв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.