Өчигдөр Ерөнхийлөгч Улсын Прокурорын Ерөнхий газарт зочилж уулзалт хийсэн. Энэхүү уулзалтынхаа үеэр Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгаланд хандаж өөрсдийнх нь дунд шийдэгдээгүй ажил байгааг сануулав. Энэхүү шийдэгдээгүй асуудал нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Амгаланбаатар өөрийн 100 хувь эзэмшлийн “Цаст согоот” компаниар дамжуулж ЖДҮХС-аас сүүлийн хоёр жил дараалан зээл авсан асуудал юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Тэрбээр “Манай эхнэр зээл авсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэмээн хэлсэн. Тэгвэл Б.Амгаланбаатар энэ асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгдөж шалгуулаагүй, ажилласан хэвээр байна. Тиймээс Ерөнхийлөгч Б.Амгаланбаатар прокурорын асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж ирнэ.
Асуудал гарсан даруйд би өөрийг чинь дуудаж уулзаад шударга ёс танайхаас эхэлнэ, өөрөө ажлаа өгөөд шалгуул гэж хэлсэн. Та санаж байгаа байх. Харамсалтай нь та тэгсэнгүй. Мөн ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаататартай барьцаж байгаа асуудал яригдаж байна. Энэ асуудал УИХ-ын танхимд яригдсаар л байна.
Хуулийг харахад Прокурорын тухай хуулийн 46-ийн 5 дахь заалтад “Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ” гэсэн байна. Тэгэхээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та бид хоёрт дуусгаагүй ажил байгаа гэдгийг хуулиар заагаад өгчихсөн байна. Орлогчийнхоо асуудлыг шийдэж байж бид нийгэм рүүгээ харах ёстой” гэж санууллаа.