2018 оны 11 дүгээр сарын 23 өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийсэн мэдэгдлийг дахин хүргэж байна.
Тэрбээр:
-Гадуур нийгэм бухимдалтай байна. Би иргэдийнхээ ахуй амьдралтай нь танилцлаа. Ард түмэн надаас хоёр зүйлийг хүсч байна. Төрийн албанд дэг журам тогтоож, цалин мөнгө эдийн засгийн уналтыг зогсоож өгөх хоёр хүсэлтийг тавьж байгаа. Сүүлийн үеийн судалгаанаас харахад ард түмэн шударга ёс сахилга хариуцлагыг хүсч байна. Надад хоёр зам байна. Шударга ёс бэхжүүлэхийн төлөө амь насаа хайрлахгүйгээр тэмцэх эсвэл сандал суудлаа хамгаалах гэсэн. Би бол нэг дэх замыг сонгож байна.
УИХ-ын дарга Монголын төрийг хууль бусаар зарах яриа ярьсан. Энэ бол эвлүүлэг биш. Хэрэгжүүлсэн нь эсэхийг би мэдэхгүй. Газрын наймаачин гэдэг. Үүнийхээ төлөө огцрох ёстой. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг тавьж, огцруулсан. Улаанбаатар хотын даргыг огцруулах санал хүргүүлсэн. Ийм этгээдүүд төрийг удирдаж болохгүй.
Бид багын найзууд. Би өнөөдөр улсаа бодож байна. “60 тэрбум”, “Эрдэнэт”, концесстой холбоотой хэргүүдийг шалгана. Өөрчлөлт шинэчлэлтийг ард түмэн шаардаж байгаа. Би төрөө цэвэрлэх ёстой хүн. Одоо намаа цэвэрлэх цаг болжээ. Би үүнийг олон түмэнтэйгээ хийх ёстой гэж бодож байна. Миний энэ тэмцэл цаашдаа улам хатуурах болно.
Би шударга ёс бий болгохоор тэмцэнэ. Дэвшилтэд үзэлтэй хүн бүр нэгдээсэй гэж хүсч байна. Би гудамж талбайд үймээн самуун, долоодугаар сарын нэг шиг үйл явдал болоосой гэж огт хүсэхгүй байна. Бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон байна. Би намын даргын хувьд МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэнэ.
Намуудад ард түмнээ гэсэн сэтгэлтэй олон мянган хүн байгаа бол шударга бус зүйлийн тэмцэлд нэгдээсэй. Шударга бусын хонгил гэж яриад байдаг нь үнэн юм байна. Тиймээс энэ хонгилыг эвдэх хэрэгтэй. Ард түмэн бухимдалтай байгаа. Гудамжинд гарч тэмцэхээс ч буцахгүй байгаа. Гэхдээ би битгий тэгээсэй гэж хүсч байна. УИХ-ын даргыг өөрчлөх ёстой. Ингэж байж цааш ажил явна.