Монголын уламжлалт сар шинийн баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-тай хамтран жил бүр ‘’Цагаан идээ’’-ний үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай.
Тус үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, ТЗУХ-ийн дарга Ж.Батжавхлан, ХХҮХ-ийн дарга О.Ариунболд, Дотоод аудитын газрын дарга Ц.Батмандах, Тариат сумын Засаг дарга Б.Алтан-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү цагаан идээний уг үзэсгэлэн худалдаа зургаа дахь жилдээ амжилттай болж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдрийг хүртэл дүүргийн зургадугаар хороо ‘’Монгол бөхийн өргөө’’-ий гадна талбайд зохион байгуулагдах юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Тариат сумын 60 гаруй малчин оролцож,уламжлалт арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ малчны хотноос хэрэглэгчдийн гарт хүргэн худалдаалж эхэллээ. Тухайлбал өрөм, ааруул ээзгий, шар тосыг 12.000-15.000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа бол сүү, аарц, бяслагийг 3.500-5.000 төгрөгийн хооронд борлуулж байна.