Сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт Мэргэжлийн бокс уруу ороод удаагүй байгаа билээ. Тэрээр сүүлчийн тоглолтоо Колумбийн боксчин, “Дайчин” хочит Оскар Эскандонтой хийж, гуравдугаар үед хүнд цохилтоор ялсан. Тоглолтын нэгдүгээр үед Н.Төгсцогт маань өрсөлдөгчийн хүнд цохилтод орж тоолуулсан ч гуравдугаар үед өрсөлдөгчдөө удаа дараа хүнд цохилт өгч ялсан билээ.
Түүний мэргэжлийн боксын рингний 11 дэх тулалдааны өрсөлдөгчөөр Доминиканы боксчин Клаудио Марреро тодорчээ. Энэ удаагийн тоглолтонд ялагч нэгэн жижиг холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших бөгөөд, Гэри Расселтай WBC холбооны аваргын төлөө тулалдах эрхтэй болно. Тэдний тоглолт нэгдүгээр сарын 26-нд Брүүклин хотын Barclays center-т болохоор товлогдсон байна.
Төгсцогт boxingscene.com-д өгсөн ярилцлагадаа МУГТ Дугарбаатарын Лхагваагийн дараачийн, мэргэжлийн боксын дэлхийн аварга цол эзэмшсэн хоёр дахь боксчин болж, дэлхийн аваргын бүсийг Монголдоо буцаан авчрахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.