Шведийн шинэ Засгийн Газар байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Засгийн Газрын 23 гишүүний 12 нь эмэгтэй, 11 нь эрэгтэй гишүүд байна. Шведэд ямар ч засаг гарсан эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50%-иас доош ордоггүй. Мөн 6 сайд шинээр Засгийн Газарт орж байна. Засгийн Газарт Ногоон намаас 5 сайд, Социал демократ намаас 18 сайд байгаа. Аливаа зүйл сайны хажуугаар муу юм яригддаг хойно шинээр сайд болсон хүмүүсийн ёс зүйн талаар яригдаж л байна.
Жишээ нь, Соёлын сайд шинээр болсон эмэгтэй хэдэн жилийн өмнө ярилцлага өгөхдөө “сонирхох байдлаар марихуан татаж үзсэн” тухайгаа ярьсаныг нь өлгөж аваад байх шиг байна. Асуудал хүндэрвэл огцорчихож магадгүй л юм. Шинэ Засгийн Газрын бүрэлдэхүүнд залуучуудыг оруулсангүй. Хамгийн залуу нь 38 настай байгаа нь залуусын оролцоог муу хангалаа гэж эрх баригч намын залуусыг дургүйцлыг хүргэчихлээ.
Ерөнхий сайд өөрөө мэдэж засгаа бүрдүүлдэг учраас өмнөх засагт ороод нэг их удалгүй хэл аманд орооцолдоод гишүүнээсээ огцорсон 27 настай, 29 настай сайдуудын сургамжийг бодолцсон бололтой юм. Шведийн Засгийн газрын хамгийн залуу нь 38 настай, хамгийн ахмад нь 70 настай. Мөн энэ засагт нэг онцлог байгаа нь сайд болон яамдууд нь нэг том бүтцэд багтаад, бие биеэ орлох боломжтой. Мөн аль нэг салбарын сайд өөр нэг ижил төстөй салбарын дэд сайд болоод явах “хувирах чадвартай” гэсэн үг.
Мөн Шведийн орон нутгийн засаг захиргаа нь харьцангуй бие даасан байдалтай, хот дүүргийн хуралд олонхи болсон нам, эвсэл даргаа шууд сонгоод томилоод ажилд нь оруулчихдаг. Аль нэг дээд шатны дарга, Ерөнхий сайд нь батламжлах гэсэн ойлголт байхгүй. Мөн манайд байдаг сайд нар орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээ байгуулах, төрийн байгууллагууд хоорондоо санамж бичиг байгуулдаг тогтолцоо угаасаа байхгүй. Хууль, дүрмээ батласан учраас тэр хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаас өөр зарчим байхгүй.
Ямар нэг жилийг онцлон иргэндээ ээлтэй, гэр бүлд ээлтэй, хүүхдэд ээлтэй гэх мэтээр нэрлэнэ гэвэл бүр ч ойлгохгүй. Бүх цаг үе хугацаанд энэ хүмүүсдээ төр ээлтэй л байх ёстой гэж үзнэ.
Source: Nomun-Erdene Nyamjav