НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Хуралдаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцууллаа.
2018 оны 2 дугаар сарын 28 ны Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Уг ажлын хүрээнд 180 халаалтын зуухны байгууламжид зуух ашиглалт, түүхий нүүрсний хэрэглээг хориглосон ЗГ-н 62 тогтоолыг сурталчилсан зурагт хуудас тараасан.
Түүхий нүүрс түлэхийг хориглосон тогтоолтой холбоотой Нийслэлийн Засаг даргын Захирамж гарсан. Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн зориулалтаар 10 га газар, сайжруулсан түлш түгээх нөөцлөх агуулахын зориулалтаар 8 байршилд газар шийдсэн байна.
Сайжруулсан түлшний үйлдвэр ашиглалтад оруулах төлөвлөгөөний дагуу MNS-5679-2014 стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх “Таван Толгой Түлш” ХХК –ны сайжруулсан түлшний үйлдвэр байгуулагдаж 2018 оны 11 дүгээр сарын 23-нд нээлтээ хийсэн. Тус үйлдвэр нь Энержи Ресурс ХХК-ийн Ухаа худагийн уурхайгаас угаасан нүүрсийг тээвэрлэн авчирч боловсруулан сайжруулсан түлш үйлдвэрлэж байна.
Түлшний дэмжлэг туслалцаа шаардлагатай байгаа зорилтот бүлгийн айл өрхийн судалгаа гаргаж тэдгээр өрхүүдэд сайжруулсан түлш үнэгүй олгох ажлын хүрээнд Зорилтот бүлгийн 473 өрхөд 473 тн сайжруулсан түлшийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр олгосон. 2018-2019 оны өвөл зорилтот бүлгийн 1000 өрхөд сайжруулсан түлш олгохоор ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.