Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон харьяа байгууллагын зарим удирдах ажилтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа ноцтой зөрчил гаргасныг мэдэгдсэн. Мөн тэдэнд хариуцлага тооцохыг удаа дараа удирдлагад нь мэдэгдсэн билээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нар өөрсдийн хөрөнгө оруулгыг гүйцэт мэдүүлээгүй байна. Иймээс дээрх хоёр албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцох, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд 2019 оны нэгдүгээр сарын 14-нд хүргүүлж, хариу албан бичгийг хүлээж байгаагаа ч өчигдөр мэдэгдсэн.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас энэхүү мэдэгдлийн хариунд албан тушаалтнуудыг өнгөрөгч баасан гаригт хоёрдугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаа хүргүүлсэн байна.