Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулж МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдаж дараагийн УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах гэж байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, УИХ-ын даргад Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Ө.Энхтүвшин, Т.Аюурсайхан нарын нэр яригдаж байгаа гэнэ.
Энэ дундаас Ц.Нямдорж сайдыг УИХ-ын дарга хийх боломжгүй гэдгийг Хуульч, доктор Б.Гүнбилэг “Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа хууль засаж Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Түүний энэхүү үйлдэлд ҮХЦ шийдвэрээ гаргасан. Үндсэн хууль болон бусад хуульд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж заасан. Тэрхүү шийдвэрийг тодорхой хугацаанд хэрэгжүүлээд хүчингүй болно, эсхүл тодорхой хугацаа заагаад тэр нь дууссанаар түүнийг огцруулсан хүн нь эргээд ажилд сонгогдож болно гэсэн салаа утга ерөөсөө байхгүй. Энэ бол эрүүгийн эрх зүй биш, Үндсэн хуулийн эрх зүй. Тиймээс Ц.Нямдорж сайд маань цаашид УИХ-ын даргаар сонгогдох боломж, эрх зүйн үндэс байхгүй гэсэн үг” хэмээн тайлбарлалаа.