Зэвсэгт хүчний Жанжин Штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа өөр ажилд томилогдсонтой холбогдуулж дараагийн даргыг томилох асуудал гарч ирсэн юм. Одоогоор түүний оронд Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат ажиллаж байгаа билээ.
Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн байна. Тэрээр ЗХЖШ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа БНХАУ болон ОХУ-д суралцдаг хүүхдүүдээ Ховд аймгийн ЗХ-ний 0123 ангид ажилладаг гэх баримт бүрдүүлж цалинжуулдаг байсан нь тогтоогдсон ч Баянзүрх дүүргийн шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан юм.
Албан тушаалаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа 2010 онд бэлтгэл генерал А.Ганбат тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж бичсэн захидалдаа “Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэхэд байнгын дарамт шахалттай байлаа. 2009 онд зэвсэгт хүчинд гарсан бүх хэрэг зөрчлийг ганцхан надтай холбож Батлан хамгаалахын сайдын тушаалаар шийтгэж байсан бөгөөд эцэст нь албан тушаалаас чөлөөллөө. Эх оронд хэрэгцээтэй цагт өргөсөн тангарагтаа үнэнч байж зэвсэгт хүчиндээ эргэн ирж үүрэг гүйцэтгэхэд би бэлэн байна” хэмээн бичиж байжээ.