2002 онд сугалаагаар арван сая фунт стерлинг хожиж байсан, Их Британийн иргэн Майкл Кэролл арван жилийн дотор бүх мөнгөө үрж дуусгасан тухай “The Sun” сонинд бичжээ. Сугалаагаар хожсон их хэмжээний мөнгөө авсныхаа дараа тэрбээр “бүх муу зүйлийг хийх болж”, том харшид нижгэр үдэшлэг байнга зохион байгуулдаг болсон байна.
“Миний арван сая фунт арван жилийн дотор алга болсон. Одоо надад мөнгө ч байхгүй, юу ч байхгүй, өөрийн гэсэн байшин, машин ч алга. Гэхдээ би харамсахгүй байна. Амархан олж авсан, амархан үрсэн” гэж тэрбээр ярьжээ.
Одоо Кэролл мод бэлтгэж, шуудайтай нүүрс зөөн, биеийн хүчний хүнд хөдөлмөрөөр амь зууж байгаа аж. Тэрбээр энэ амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд жинхэнэ баяр баяслыг мэдэрдэг гэнэ. “Амьдралын утга учир мөнгөнд оршдоггүй. Хачин сонсогдож байж магадгүй, гэхдээ би тэр үед хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй. Үгүйрэл хоосрол бол надад тохиолдсон хамгийн сайн зүйл юм” гэж тэрбээр ярьжээ.