С.Бямбацогт гишүүн амралтын өдөр аавынхаа үүргийг гүйцэтгэж, хүүхдүүдээ баярлуулж яваа тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Тэрээр “Хааяа нэг хийдэг #ААВын ажлаа сайн гүйцэтгэлээ 😜 Зайсангийн КFC хаалттай. Хайж явж явж өөр газар орсон 10-с доош настай хүүхдэд үйлчлэхгүй гэнэ. 10-с дээш настайг нь нотолж байж #КFC-длээ 🙏 Хурдан чөлөөтэй үйлчилдэг болоосой #КFC” хэмээн хоёр хүүхэдтэйгээ цуг хоолонд орж яваа зургаа нийтэлжээ. Олон нийт түүнийг KFC буюу Таванбогд компаниас хувь эзэмшдэг учраас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан далд хэлбэрийн сурталчилгаа хийлээ гэж үзэж байгаа юм.
Хэр барагтаа хий гаргаад байдаггүй хачир гишүүний үйлдэл олон хүн хордлого авч, одоо ч эмчлүүлсэн байгаа эмзэг сэдэв дээр тун таагүй тусч, зохимжгүй үйлдлээ нэн яаралтай засч, хордлого авсан хүмүүсээс уучлалт гуйхыг шаардаж эхэллээ. Бүр гишүүнээсээ татгалзаж, KFC-гээ рекламд гэх хатуухан үгс хүртэл шидэгдэж байна. Хамгийн зохимжгүй нь тэрээр хүүхдүүдээ ашиглан сурталчилгаа хийсэн явдал юм. Үүнийг цахим хуудас дахь олон ээж эсэргүүцэж, дургүйцэл илэрхийлж байгаа харагдлаа.
Олон удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн салбарыг толгойлж явсан хүний хувьд тун зохимжгүй, бодлогогүй үйлдэл байлаа. Хордлого авсан иргэд, хүүхдүүдээс албан ёсоор уучлалт гуйх байлгүй дээ. Гишүүнд гэж хэлэхэд сурталчилгаандаа хүүхдээ дахиж битгий ашиглаарай гэж захимаар байна.
KFC, Таванбогд компанийн хувьд хариуцлагаа ухамсарлаж, асуудал шийдэгдтэл цахим хуудсаар өрнүүлж буй элдэв сурталчилгаандаа хязгаарлалт хийвэл зүгээрсэн.